Давхар даатгал гэж юу вэ?
Даатгалын компани ирсэн бүх нэхэмжлэлийг төлөх үүрэгтэй. Үүнээс томоохон дүнтэй нэхэмжлэлээс хамгаалахын тулд даатгагч өөрөө даатгуулах даатгалын бодлогыг хэрэгжүүлж болдог. Ийм бодлогыг давхар даатгалын бодлого гэж нэрлэдэг.
-
Хувь оролцоот давхар даатгал (proportional)
Энэ төрлийн давхар даатгал нь анхны даатгагч болон давхар даатгагч нар нийт нэхэмжлэлийн эрсдэл бүрийг хуваалцах гэрээ юм. Анхны даатгагч давхар даатгагчид хураамж төлнө. Анхны даатгагч болон давхар даатгагч нар тухайн гэрээнээс авсан хураамжид эзлэх хувиар эргээд нөхөн төлбөрийг төлдөг.
Хувь оролцоот давхар даатгалын үйл ажиллагаа нь ихэнхдээ дараах хоёр хэлбэрээр явагддаг:
- Quota share – Эрсдэл бүрт ижил хувиар даатгагч давхар даатгагч нар тохиролцсон хувиар хувааж даатгах,
- Surplus share – Нэг эрсдэлээс дараагийн эрсдэлийг хүртэл өөр өөр хувиар даатгагч болон давхар даатгагч нар хувааж даатгах гэрээний төрөл байна. Нөгөө талаар энэ гэрээ нь хувьсах хэлбэрийн Quota share төрлийн гэрээ юм.
-
Хувь оролцоот бус давхар даатгал (non-proportional)
Хувь оролцоот бус давхар даатгал нь анхны даатгагч нь давхар даатгагчид тогтмол хураамж төлөхөөр зохион байгуулагддаг. Давхар даатгагч нь анхны даатгагчаас хураамж авсны хариуд гарах хохирлуудаас төлөгдөхөөр тохирсон интервал /жишээ нь: 1 тэр бум төгрөгөөс 5 тэр бум төгрөг хүртэл/-д унах хохирлын дүнгээр нөхөн төлдөг. Энэхүү интервал нь давхар даатгагчийн төлөх дээд болон доод хилийг зааж өгдөг.
Дараах хоёр төрлийн давхар даатгалын хувь оролцоот бус гэрээг дурдъя:
- Хэтэрсэн эрсдэл бүрийн хэмжээг /Excess of Loss /XOL// давхар даатгах гэрээ: дурын нэхэмжлэлийн дүн нь даатгагчид үлдэх эрсдэлийн хязгаараас давах үед давхар даатгагч нөхөн олговорыг олгох үүрэгтэй ба даатгалын компани давхар даатгалын хураамж төлөх үүрэгтэй.
Алдагдал зогсоох /Stop loss/ давхар даатгалын гэрээ: Даатгагчийн тодорхойлсон даатгалын хэлбэрийн хувьд урьдчилан тодорхойлсон дүнгээс давсан хохирол гарах үед тухайн давсан дүнг давхар даатгагч төлөх нөхцөлтэй гэрээ юм. Тодруулбал даатгалын хураамжид эзлэх тохиролцсон хувиас давсан нэхэмжлэлийг давхар даатгагч хариуцна. Жишээ нь: Тээврийн хэрэгслийн даатгалын нэхэмжлэл нь хураамжийн орлогын 90%-иас давбал давсан хэсгийг давхар даатгагч төлөх тохиролцоот гэрээ.