Туслах цэс
МэдээлэлЗөвлөгөөАжлын байрХолбоо барихНэвтрэх

Э.Баярмагнай: Даатгалын компаниуд болон салбарын бусад оролцогчид даатгалын ач холбогдлыг таниулах нь чухал байна

2018-05-23   370

Бид энэ удаад даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар салбартаа тэргүүлэгчдийн нэг, 15 жил тогтмол үйл ажиллагаа явуулж буй Практикал Даатгал ХХК-ын Даатгалын Газрын захирал Э.Баярмагнайтай ярилцлаа.

Э.Баярмагнай: Даатгалын компаниуд болон салбарын бусад оролцогчид даатгалын ач холбогдлыг таниулах нь чухал байна 

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа салбарын талаар мэдээллээр эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна? Өнгөрсөн 2017 онд салбарын ерөнхий төлөв ямар байв? Он гарсаар салбарын байдал ямар байна? 

- 2017 онд 15 ердийн даатгалын компани, амьдралын даатгалын 1, давхар даатгалын 1 компани даатгалын салбарт үйл ажиллагаагаа явуулсан байна. Салбарын нийт хуримтлуулсан орлого анх жолоочийн даатгал хэрэгжиж эхэлж байсан жилд 60-аас дээш хувийн өсөлттэй гарч байсан бол түүнээс хойш гарч байгаа хамгийн өндөр өсөлттэй жил боллоо гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл салбарын өсөлт 26,1% гарсан нь сүүлийн 4 жилийн хугацаанд гарсан хамгийн өндөр өсөлт боллоо. Эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран салбарын байдал мөн өөрчлөгдөж байгаа. Энэ ч утгаараа даатгалын салбар өсөлттэй гарсан гэж бодож байна. Мөн зохицуулах байгууллагын зүгээс зарим шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж салбарын хөгжилд түлхэц болох зүйлсийг хийсэн жил боллоо гэж дүгнэж болно.

Мөн даатгалын компаниуд хам даатгалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Хэд хэдэн даатгалын компаниуд хамтраад томоохон эрсдэлийг даатгах, гадаадын даатгалын компанид даатгуулах байдлыг бууруулах зорилгоор нэгдэж ажиллаж байна. Дотоодын даатгалын компаниуд өөрсдийнхөө санхүүгийн чадамж, үйлчилгээгээ сайжруулж дотоодын зах зээлээ бүрэн даатгах чадамжтай болох нь нэг талаас иргэд, байгууллагын даатгалын компанид итгэх итгэлийг мөн салбарын өсөлтийг нэмэгдүүлнэ.  

- Даатгалын салбарын тухай буруу ойлголт нийгэмд байдаг нь нууц биш. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

- Даатгуулж байгаа иргэд, байгууллага болон даатгалын компаниудын аль алинд нь асуудал байдаг байх. Даатгалыг татвар албадлагаар биш сайн дураар даатгуулдаг болох нь иргэд байгууллагуудад, цаашлаад нийгэмд илүү ач холбогдолтой. Миний бодлоор анхнаасаа даатгалын ойлголтыг нь зөв ойлгуулаад явбал ирээдүйд үүсэх үл ойлголцол, цаашлаад даатгалын компанид гомдол, буруугаар ойлголцох асуудал үүсэх нь багасна.

Даатгалын ач холбогдол асар их байдаг. Өнөөдөр Монгол улсын гэр бүлүүдэд, бидний өдөр тутмын амьдралд их олон эрсдэл учирч байдаг. Түргэний тэрэг, галын машин дохиогоо дуугаргаад гудамжаар давхиж байдаг. Тэнд машин хоорондоо мөргөлдөх, шүргэлцэх тохиолдол гарч байдаг. Энэ бүхэнд ямар нэг хэмжээгээр айл, гэр бүлд хохирол учирч байгаа. Зарим нь байгаа бүх хөрөнгөө зараад ч тухайн хохирлыг төлж дийлэхгүй үе байна. Энэ нь эргээд нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх, ядуурал нэмэгдэх, гэмт хэргийн гаралт ихсэх зэрэг сөрөг нөлөөг үзүүлэх эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд даатгалын салбар үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв та даатгуулсан бол аливаа хохирлыг сэтгэл санаа, эд хөрөнгө, эдийн засгийн ачаалал багатай даван туулж чадна.

Байгууллагуудын хувьд ч ялгаагүй даатгуулах нь бизнесийнхээ зорилго зорилтоо биелүүлэх, инноваци шинэчлэл хийхэд давуу тал үүсгэнэ.

Хүмүүс даатгалын ач холбогдлыг ойлгох, түүнийг даатгалын компаниуд болон салбарын бусад оролцогчид ойлгуулах нь чухал байна. Энэ талаар зохицуулах байгууллага болон салбарын оролцогчид тодорхой хэмжээний ажлууд хийгээд явж байгаа. Даатгалын компанийг нөхөн төлбөрөө өгдөггүй гэж хүмүүс ойлгодог. Энэ бол буруу ойлголт. Гэрээнд заасныхаа дагуу даатгалын компаниуд нөхөн төлбөрөө олгодог. Жишээ нь манай Практикал Даатгал компани өнгөрсөн онд 5000 орчим харилцагчдад 3.4 тэрбум төгрөгний нөхөн төлбөр олгосон байна. Тэгэхээр даатгуулж буй иргэд, байгууллагад гэрээний талаарх мэдээллийг өгөх, бас эргээд харилцагчид уг мэдээллийг ойлгох нь чухал байна.                  

- Хүмүүсийн дунд жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалыг андуурах, буруу мэдээлэлтэй байгаагаас шалтгаалж олон янзын яриа, буруу ойлголт төрж байгаа анзаарагддаг. Энэ талаар?

- Ингэж андуурах тохиолдол байдаг. Ийм шалтгааны улмаас ч даатгалын компанийг буруу ойлгох тохиолдол гардаг. Жолоочийн хариуцлагын даатгал бол хариуцлагын даатгал.

Хариуцлага алдаад өөр бусад этгээдэд хохирол учруулсан тохиолдолд төлнө. Өөрөөр хэлбэл жолооч та замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд жолоочийн даатгалын хамгаалалт үйлчилдэг.

Хоёр машин мөргөлдөхөд дийлэнхдээ аль нэгнийх нь буруу болдог.

Буруутай талын жолоочийн хариуцлагын даатгалаар хохирогч талын хохирлыг барагдуулдаг. Харин өөрийн машинд учирсан хохирлыг нь тээврийн хэрэгслийн даатгалтай тохиолдолд нөхөн төлдөг. Энэ 2 даатгал тусдаа даатгал. Тээврийн хэрэгслийн даатгалыг сайн дурын үндсэн дээр, жолоочийн хариуцлагын даатгалыг заавал буюу албан журмаар даатгуулж байгаа.     

Мөн нийгэмд даатгалын компаниудыг авто засварын газруудтай хамтран ажилладаг мэт ташаа ойлголт байгаа нь ажиглагддаг. Гэвч бодит байдал дээр тийм биш юм. Даатгалын компаниуд эрсдэлийг мэргэжлийн үүднээс тооцож, аль нь нөхөн төлбөр авах нөхцөл, аль нь хуурамч нөхөн төлбөр авах гэсэн оролдлого гэдгийг мэргэжлийн үүднээс ялгаж салгадаг. 

- Танай компанийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ямар бодлого баримталж байна вэ?

- Аль болох сайжруулъя, шинэчилье, харилцагч нартаа амар хялбар байх шийдлийг эрж хайж байна. Даатгалын салбарт програм хангамж, технологийн шийдлүүдийг өргөн хүрээгээр ашиглаж байна. Даатгалын бүтээгдэхүүнүүд үндсэн зарчмаа бариад төдийлөн ялгаагүй болсон байх. Харин үүн дээр тухайн компанийн үнэ цэнэ нэмэгдэж байж тухайн компанийн зах зээлд бий болгосон дүр төрх тодорхойлогдож байгаа. Тэгэхээр аль сайн мэргэжлийн үйлчилгээтэй, харилцаатай, бүтээгдэхүүнтэй байгууллагаар хүмүүс даатгуулж байгаа. Манайхыг сонгож буй даатгуулагчид маань биднийг дээрх үндэслэлүүдээр сонгосон гэж итгэж байна.

Одоогоор бид эрүүл мэндийн “Энх Ирээдүй” брэндээ илүү төгөлдөржүүлж, хэрэглэгч харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн даатгалын бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Мөн тээврийн хэрэгслийн багц даатгалаа брэнд болгон хөгжүүлж зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Цаашид ч хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа нь харилцагч нарт маань таалагдана гэдэгт итгэлтэй байна

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье

-Та бүхний ажилд бас амжилт хүсье. Баярлалаа

via: http://news.gogo.mn/r/225985





» буцах
Даатгалын тооцоолуурОнлайн туслахСалбарууд & Утас